Thursday, January 9, 2014

Агаарын бохирдол ба хүний эрүүл мэнд



Агаарын бохирдол ба хүний эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах  төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд


Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний 10-т бичигддэг байсан бол одоо эхний 5-д болжээ. Мөн гадаадын Тime сэтгүүлд дэлхийд хамгийн ихээр агаар нь бохирдсон хотуудын жагсаалтын 1-рт Ираны Ахваз хот, 2-рт Улаанбаатар хот орж байна.  http://science.time.com/2013/10/18/the-10-most-polluted-cities-in-the-world/
Зөвхөн эндээс харахад л  агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрснийг сануулж байна. Тиймдээ ч Монгол Улс ҮАБЗ-ийн төвшинд энэ асуудлыг авч хэлэлцээд “гамшгийн хэмжээнд очсон” хэмээх дүгнэлтэд хүрсэн.
Утааны талаар олон жил ярьж олон арга хэмжээнүүдийг авч байгаа боловч сүүлийн 2 жилд төр бодлогын төвшинд анхаарч, даацтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Уг нь өндөр хөгжилтэй орнууд агаарын бохирдлыг бууруулахдаа утаа ялгаруулдаг эх үүсвэрийг нь цэгцлэх арга хэмжээг түлхүү авдаг. Тухайлбал, дэд бүтэц бий болгох, автомашины хорт утааны ялгаруулалтыг багасгах шүүлтүүр нэвтрүүлэх, моджуулах, усан сан их хэмжээгээр байгуулах гэх мэт арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авдаг.
УБ хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс гэр хороолол болон авто тээврийн хэрэгсэл нь агаар бохирдуулагчдын 80 орчим хувийг эзлэн  агаарыг хамгийн ихээр бохирдуулж байна.

Гэр хорооллын утааны талаар:
2012 оны байдлаар нийслэлд 180 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн тооцоо бий.  Өөрөөр хэлбэл, жилдээ Улаанбаатарт 30 мянган хүн  буюу 10 гаруй мянган айл өрх шилжин ирдэг байна. Тэгэхээр  нийслэл жилээс жилд бүл нэмэхийн хэрээр яндангийн тоо өсдөг гэж хэлж болох ч  яндангийн тоог хэрхэн яаж цөөлөх вэ гэдэг асуудал тулгарсаар байна.
Төр агаарын бохирдолд бодлогын төвшинд анхаарч эхэлсэн сүүлийн жилүүдэд “Цэвэр агаар” сан байгуулагдаж утааг багасгах тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаагийн нэг жишээ нь түлшний хэмнэлттэй зуух. Жилд 5 тонн нүүрс түлдэг гэр хорооллын айл энэ зуухыг авснаар түлшний хэрэглээ нь 50 хувь буурсан үзүүлэлт бий. Хамгийн гол нь 250 мянган төгрөгийн үнэтэй, түлшний хэмнэлттэй зуухыг иргэд 25 мянган төгрөг төлөөд авч үлдсэнийг нь төр та бидний өмнөөс төлж байна. Уг нь  анх энэ зуухыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс нийлүүлж эхэлсэн ч шууд 250 мянган төгрөг тоолж өгөөд авах иргэд тийм ч олон байсангүй. Тиймээс Засгийн газар тогтоол гаргаж, иргэдийнхээ санхүүгийн ачаанаас үүрэлцээд зогсохгүй агаарын бохирдлыг бууруулах ажилдаа ч нэг алхам урагшлахаар шийдвэрлэсэн.
2011 онд 70 мянган айл түлшний хэмнэлттэй зуух авсан бол 2012 онд мөн ийм тооны өрхөд хүргэхээр төлөвлөсөн. Ийм байдлаар 180 мянган айлыг түлшний хэмнэлттэй зуухтай болгочихвол жилдээ 1 сая тонн нүүрс түлдэг Улаанбаатарын гэр хорооллын хэрэглээ 500 мянган тонн болж буурах юм. Мэдээж түлж байгаа түүхий нүүрсний хэрэглээ 50 хувиар буурахаар гарах утааны хэмжээ дагаад буурах нь ойлгомжтой.
Агаарын бохирдлыг багасгахын тулд төрөөс авч байгаа арга хэмжээ ганц зуухаар хязгаарлагдаагүй бөгөөд бусад  дулаалга, цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгохын зэрэгцээ эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж байгаа. 2011 онд  нийт 2.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоог “Цэвэр агаар” сангийнхан гаргасан боловч ердөө 700 сая төгрөгийн хөнгөлөлтийг иргэд авсан гэсэн дүн гарсан байдаг байна.

Түлшний хэмнэлттэй зуух, дулаалга, цахилгаан халаагуур авах, эрчим хүчний хөнгөлөлт эдлэх гэхчилэн төрөөс хэрэгжүүлж буй бодлогын чанартай арга хэмжээ үр дүнгээ өгнө гэ
ж албаныхан хэлдэг ч  иргэдийн санаачлага, оролцоо дутмаг гэж үзэж болохоор байна. Учир нь  иргэд зуух, халаагуур, дулаалга авдаггүй, харьяа эрчим хүчний байгууллагадаа очоод тодорхойлолт гаргаж өгөөд хөнгөлөлт эдлэхгүй байгаа нь дээрх баримтаас харагдаж байна.

Тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны талаар:
Гэр хорооллын утаанаас гадна автомашины утаанаас ялгарч буй хорт хийнүүд нь агаарын бохирдолд нөлөөлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг болсоор байгаа бөгөөд 2009 онд улсын хэмжээнд 224000 байсан тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 345000 болж нэмэгдсэн байна.
Зөвхөн УБ хотын хэмжээнд явж буй тээврйин хэрэгслийн тоо 2009 онд 131400 байсан бол 2012 онд 228900 болж нэмэгдсэн байгаа ба эдгээрийн 70-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслүүд,  түүнйи дотор  83% нь бензин, 16% нь дизель, 1% нь хийн түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд утаанаас ялгарч буй хийн найрлагад агаар бохирдуулагч этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Автомашинаас хамаарсан агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт болох азотын давхар ислийн агууламж 2010 онд 2011 онтой харьцуулахад 2 дахин буурсан байсан бол 2012 онд 2010 оноос 1,5 дахин өссөн байна. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд эзэлж байгаа хуучин машины тоо, уулзвар замын нэвтрүүлэх чадвар, авто замын чанар, хөдөлгөөний эрчим зэрэг шалтгаануудаас шууд хамаарсан өсөлт юм.
Улсын хэмжээнд импортлогдож буй 540.0 мянга гаруй тонн шатахууны 60 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод борлогдож байгаагаас ихээхэн хэмжээний хортой бодис агаарт ялгардаг гэсэн тооцоо гарсан байдаг байна.
Эдгээрийг цаашид татварын бодлогоор цэгцлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.


Агаар бохирдуулагч бусад эх үүсвэрүүдийн талаар:
·         Агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж буй бас нэг гол хүчин зүйлд  2000 гаруй нам даралтын уурын зуухууд орж байна. 2011 онд эдгээр зуухыг төвлөрсөн дулааны шугаманд холбох, ойр орчимд нь орон сууц барих боломжийг бүрдүүлэх зорилгоор 10 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. 2012 онд дахин 7 тэрбум төгрөг зарцуулсан байна.
·         Агаарын бохирдол үүсгэгч бас нэг эх үүсвэр нь гэр хорооллын шороон зам, баригдаж буй барилгын талбай, элс хайрганы карьер, тоосгоны үйлдвэр зэргээс үүсэж байгаа тоосонцор бөгөөд өдөрт дунджаар 131-162 метр куб-д хэлбэлзэж байгаа нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс даруй 2-3 дахин давсан үзүүлэлт юм. Гэтэл тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ноогдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага байна.
  • Улаанбаатар хотод жил бүр 600 мянган метр куб хуурай хог хаягдал гардаг бөгөөд тэдгээрийг ил задгай замбараагүй асгаж байгаа нь агаар, хөрс, усыг бохирдуулах нэг эх үүсвэр болж байна.
Төрөөс жилд 10 тэрбумыг түлшний хэмнэлттэй зуух, дулаалга, цахилгаан халаагуур зэрэгт, 10 тэрбумыг  урт хугацаанд иргэдээ орон сууцжуулахад бэлтгэх шугам сүлжээний ажилд зарцуулдаг.
Богино хугацаанд нэг дор их хэмжээний хөрөнгө зарцуулаад гэр хорооллын 180 мянган айл өрхийг орон сууцанд оруулж чадахгүй нь ойлгомжтой учир утааг бууруулах арга хэмжээнүүдийг тухайн нөхцөлд нь  тохируулан хэрэгжүүлж байх нь чухал гэдэгтэй маргах хүн олдохгүй байхаа.
Төрөөс олон даацтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа ч иргэдийн оролцоо, дэмжлэг нэн чэхал гэдэг нь харагдаж байна. Иргэд хариуцлагатай, ухамсартай хандаж, зөвхөн өөрийн бус гэр бүлийнхээ төлөө, хөршийнхөө төлөө утаатай хийх тэмцэлд нэгдэж хэрэгтэй.

Агаарын бохирдол ба хүн амын эрүүл мэндийн асуудал
Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр хүн амын эрүүл мэндийн асуудал урган гарч байгаа.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй агаарын бохирдлын улмаас  хүн амын дунд амьсгалын замын өвчнүүд түгээмэл тохиолдох болсон нь жил бүрийн судалгаагаар харагдаж байгаа юм.
65-аас дээш насны өндөр настан болон 5 хүртэлх насны хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд дэлхий даяар жилд 1,6 сая хүн агаарын бохирдлоос болж нас барж байгаагаас 800 мянга нь хүүхэд. Харин Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас нас барж байна. Үүний 240 нь 5 хүртэлх насны хүүхэд байна. Тиймээс статистикийн тооцоогоор Улаанбаатарт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхэд болон 65 хүртэлх насны хүмүүс хамгийн өртөмгий буюу бусдаасаа хоёр дахин эрсдэлтэй нь тогтоогдсон байна.
Агаарын бохирдол эрүүл мэндэд хортой гэдэг нь нэгэнт батлагдсан. Амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм.
Азотын давхар исэл нь уушгины эд, амьсгалын замыг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг бөгөөд зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
 Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо болон дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг.
 Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг. Тоосонцрын хэмжээнээс хамаарч хүний амьсгалын замын эрхтнээр дамжин эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлдэг ба тоосоонцор нь нарийн байх тутам амьсгалын замаар дамжин уушгинд очиж тэндээ үлддэг байна. Өвлийн улиралд агаарын бохирдол нь тоосны агууламжийн жилийн дундаж хэмжээг дээд цэгт нь хүртэл ихэсгэдэг.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо:
Иргэд, аж ахуйн нэгжид зориулсан агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах энгийн зөвлөмжүүд:
·         Ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх (айл, өрх бүр мод тарих)
·         Ард иргэд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцох.
·         Гэр, байшингаа дулааны улиралд сайн дулаалах,
·         Утаа бага гаргадаг  технологийн зуух, түлш хэрэглэх
·         Дотоод орчны агаарын бохирдол болон бохирдлыг бууруулах  арга замын талаар харилцан мэдээлэл солилцох
·         Хог хаягдал, бохир усаа  ил задгай хаяхгүй байх гэх зэрэг өдөр тутмын энгийн үйл ажиллагаандаа анхаарал дадал хэвшлийг олгоход анхаарах.

Агаарын бохирдлоос  хэрхэн хамгаалах вэ

·         Амны хаалт хэрэглэж хэвших
Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаална. Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.
·         Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх
Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн аж. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэж занших
·         Агаар цэвэршүүлэх төхөөрөмж тавих
Манай улсад агаар цэвэршүүлдэг олон төрлийн аппарат, төхөөрөмж  орж ирсэн байгаа. Тухайлбал, озоны тусламжтайгаар агаарыг ариутгаж, халдваргүйжүүлэн, нянг устгах үйлчилгээтэй аппарат байна. Мөн хасах цэнэгтэй ионоор агаар цэвэршүүлдэг төхөөрөмж байгаа юм. Эдгээрээс сонгон авч хэрэглэж болно. Ялангуяа, албан байгууллагад агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байх шаардлагатай аж.
·         Ажлын байранд агаарыг байнга сэлгэн, цэвэршүүлж байх
Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж ажлын байр. Тэгвэл агаарын бохирдол ажлын байранд хамгийн их байдаг аж. Эрдэмтдийн судалснаар ажлын байранд агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ. Олон хүний амьсгал, тоос шороо, бүгчим байдал зэрэг агаар бохирдуулах олон хүчин зүйл байгаагаас гадна принтер машин агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг аж. Иймээс принтерийг хүмүүсээс аль болох хол байрлуулах, ажлын өрөө тасалгааны агаарыг байнга сэлгэж байх хэрэгтэй.  
·         Аль болох агаарын бохирдол багатай газар буюу хөдөө өвөлжих
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хөдөө, агаарын бохирдолгүй газар амьдарч хүүхдээ тээх нь хорт утаанаас өөрийгөө болон хүүхдээ хамгаалах нь хамгийн үр дүнтэй арга юм.

·         Агаарт гарч байх
Хотын төвд ажилладаг байсан ч өглөө, оройдоо агаар гайгүй үед  20 минут гарч байх хэрэгтэй. Ер нь хүний уушги цэвэр агаараар нэг цаг амьсгалахад цэвэршдэг.
Долоо хоногт ядаж нэг удаа хотын захад гарахад буруудахгүй. Ийм аргаар л агаарын бохирдол болон өвчний хүндрэлээс бага ч болов сэргийлж чадна.
·         Хүчилтөрөгчийн коктейль хэрэглэж байвал сайн.
Агаарын бохирдол хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Иймээс хүчилтөрөгчийн дутагдлаа нөхөж байх нь олон төрлийн өвчнөөс хамгаална. Дэлгүүрүүдэд хүчилтөрөгчийн коктейль 5000 орчим төгрөгийн үнэтэй байдаг. Найруулахад тийм ч хэцүү биш. Жимсний шүүс, өндөг байхад л хангалттай.
·         Гэр орны цэвэрлэгээнд анхаарах
Гэртээ цэвэр агаар оруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, гэр хорооллын айлууд хог болон муу усаа зориулалтын саванд хийх, ил бие засахгүй байх хэрэгтэй.

Иргэн та өөрөө л эрүүл мэнддээ санаа тавихгүй бол таны өмнөөс хэн ч таныг хамгаалахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.






.



No comments:

Post a Comment