Sunday, March 16, 2014


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2  дугаар  сарын 7 –ны өдөр                                    Улаанбаатар хот

Дугаар 34
                                                       
AМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ
ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ
ХОЁР ДАХЬ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2011 оны 66 дугаар тогтоолын 45 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зорилтыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  
2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийн тодорхой хэсгийг чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт, тус хөтөлбөрийн хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах зардлыг батлагдсан улс, орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж, үр дүнг тооцож ажиллахыг холбогдох яамд, Засгийн газрын агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүний урьтал өвчин, эрсдэлт хүчин зүйлийг эрт үед нь илрүүлэх оношилгоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, үр дүнд тооцоо хийж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасугай.

4. Хөтөлбөрийн тайланг жил бүрийн I улиралд багтаан Эрүүл мэндийн яаманд ирүүлж байхыг холбогдох яамд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хариуцан зохион байгуулж, явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн II улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд үүрэг болгосугай.

5. Идэвхтэй хөдөлгөөн, зөв зохистой хооллолтыг эрхэмлэж, биеийн жингээ тогтмол хянан, архи тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн урьдчилсан хяналтад тогтмол хамрагдаж, эрүүл энх байхыг хичээх нь хувь хүний үүрэг бас хариуцлага болохыг Засгийн газраас иргэн, байгууллага, хамт олонд сануулан эрүүл аж төрөхийг уриалж байна.
       
         Улсын Ерөнхий сайд                                   Н.АЛТАНХУЯГ
        Эрүүл мэндийн  сайд                                            Н.УДВАЛ                         




Засгийн газрын 2014 оны 34 дүгээр
                                                                             тогтоолын 1 дүгээр хавсралт

АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ӨВЧНӨӨС
СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХОЁР ДАХЬ ХӨТӨЛБӨР

1. Үндэслэл, шаардлага

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлс нь олон улсын хөгжлийн зорилтын хэрэгжилтэд сөрөг  нөлөө учруулж, 21 дүгээр зууны хөгжлийн томоохон сорилт болж байгааг тэмдэглэн НҮБ-ын 2011 оны Ерөнхий Ассамблейн 66 дугаар хуралдаанаар “Халдварт бус өвчний асуудлаархи өндөр хэмжээний уулзалтын Улс төрийн тунхаглал”-ыг батлан  халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг бууруулах бүрэн боломжтой гэж үзэн энэ талаар цаг алдалгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газруудад зөвлөсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх шалтгааныг хяналтад авч, тодорхой арга хэмжээ авбал энэ өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг  50 хүртэл хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн хэв шинж- 2-ыг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт манай улсын хүн амын нийт нас баралтын дотор 72 хувийг эзэлж, энэ нь 70-аас доош насныхны эрэгтэйчүүдийн дунд 69.2 хувь, эмэгтэйчүүдийн дунд 54.7 хувь байгаа нь Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад 7 дахь өндөр тархалттай орны тоонд орж байна. Статистик дүнгээр манай улсын хүн амын 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3500 гаруй хүн хорт хавдраар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.

Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн тархалт 2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний судалгаагаар тасралтгүй нэмэгдэж байгаа нь Хүний амьдралын буруу хэвшлээс шалтгаалах халдварт бус өвчлөл, нас баралт буурахгүй байхад нөлөөлж  байна. 2013 оны судалгааны дүнгээр 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, хүн амын 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн, 15-аас дээш насны 1 хүнд ногдох бүртгэгдсэн согтууруулах ундааг архинд шилжүүлж тооцсоноор 9.8 литр болсон нь хүн амын дунд зан үйл, халдварт бус өвчлөлийг нэмэгдүүлж байгаа төдийгүй хүн амын удам зүйд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Мөн хүн ам хоногт дунджаар 0.4 нэгж жимс, 1.0 нэгж хүнсний ногоо хэрэглэж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс доогуур, харин 11.1 гр давс хэрэглэдэг нь зөвлөмж хэмжээнээс даруй 2 дахин их байна.

Дээрх эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгаагаас хүний физиологи, биологийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, өвчлөлд хүргэх шалтгаан болж байна. Тухайлбал, хүн амын дундах цусны даралт ихсэлтийн тархалт     27.5 хувь, энэ нь эрэгтэйчүүдийн дунд илүүтэй байгаа нь бүсийн орнуудыг тэргүүлж байна. Түүнчлэн цусан дахь сахарын өөрчлөлт (далд хэлбэр)-тэй хүн амын тархалт 8.3 хувь, сахар бууруулах эм хэрэглэж буй хүн амын тархалт 6.9 хувь байна. Хорт хавдар хүн амын нас баралтын шалтгааны 22 хувийг эзэлж, 2012 онд оношлогдсон хорт хавдрын шинэ тохиолдлын дотор элэгний хорт хавдар 37.7 хувийг эзэлж хамгийн өндөр тархалттай байна.
           
Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд авсан олон талт арга хэмжээний дүнд хүн амын дунд архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, зөв зохистой хооллох зан үйл, нийгмийн зөв хандлага төлөвшиж эхэлж байна. Тухайлбал, биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах нь чухал гэж 3 хүн тутмын 2 нь үзэх болсон төдийгүй зүрх судасны өвчнөөс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийн түвшин нэмэгдэж 55.3 хувь, чихрийн шижингээс сэргийлэх талаар 78.2 хувь нь мэдлэгтэй болсон боловч эрүүл аж төрөх зан үйл төлөвшөөгүй, түүнийг дэмжсэн нийгмийн орчин хангалтгүй байна.

Хүн амын 70 гаруй хувьд нь зонхилон тохиолдож байгаа амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг болон нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад хувь хүн, гэр бүл, хамт олны аж төрөх арга барилыг өөрчлөх, тэдний өөрсдийн эрүүл мэнддээ тавих хяналтыг сайжруулах, салбар бүрт байгаа нөөц бололцоог хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдлийг бууруулахад чиглүүлэх, энэ ажилд байгууллага, орон нутгийн өөрсдийн нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээ явуулах оролцоог сайжруулах, хүн амд хүрч ажиллах нийгмийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ зорилгоор амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан болно.

2. Хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим,
санхүүжилт, хэрэгжих хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго
           
Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олонд эрүүл аж төрөх дадал, зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолддог халдварт бус өвчний хяналт, тандалт, менежментийг сайжруулах замаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчний өвчлөл, чадвар алдалт, цаг бусын эндэгдлийг бууруулах орчин бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. 

            2.2. Хөтөлбөрийн зорилт

Зорилт 1. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний нийтлэг (архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол) болон нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоог дэмжсэн олон салбарын хамтарсан эрүүл мэндийг дэмжих нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах;

Зорилт 2. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэл, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн талаархи эрдэм шинжилгээ, судалгаа, тандалт, мэдээллийн нээлттэй тогтолцоог орон нутаг, бусад салбар, үндэсний хэмжээнд бэхжүүлж, нотолгоонд тулгуурласан бодлого, үйл ажиллагаа явуулах чадавхийг сайжруулах;

Зорилт 3. Хүн амын эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ, идэвхтэй оролцоо, өөртөө тавих хяналтад тулгуурласан урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон эмчилгээ, оношилгооны технологи, хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах замаар халдварт бус өвчин болон урьдал өвчнийг бууруулах;

Зорилт 4. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах чадавхийг бэхжүүлж, халдварт бус өвчний чиглэлээрх тусгай мэргэжлийн төвийн лавлагаат тусламж, үйлчилгээг сайжруулах.

2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

2.3.1. иргэд, хамт олны дунд эрүүл аж төрөх зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэхүйц орчин бүрдүүлэх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах ажлыг салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлах;

2.3.2. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чадавхи, түншлэл, мэдээллийн хүртээмж, ашиглалтыг сайжруулах;

2.3.3. иргэд, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн оролцоог хангах;
           
2.3.4. өвчлөх эрсдэлтэй бүлэг, өвчилсөн хувь хүн болон хүний амьдралын мөчлөг бүрт тохирсон өвөрмөц, нотолгоонд түшиглэсэн бодлого, арга хэмжээг иргэд, нийгмийн салбарууд, улс, орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх;
           
2.3.5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Халдварт бус өвчний асуудлаархи өндөр хэмжээний уулзалтын Улс төрийн тунхаглал, ДЭМБ-ын халдварт бус өвчнөөс сэргийлэх стратеги, төлөвлөгөө болон нийгмийн эрүүл мэндийн бусад хөтөлбөртэй хамтран ажиллаж үр ашгийг дээшлүүлэх.

2.4. Хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт

     2.4.1. Хөтөлбөрийг 2021 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

     2.4.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

-амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах, хянах, тандалт судалгаа явуулах санхүүжилтийг эрүүл мэндийг дэмжих сан, архидан согтуурахтай тэмцэх сан, шинжлэх ухаан, технологийн болон бусад сангийн хөрөнгөөр;

 -зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүний урьдал өвчний эрт илрүүлгийг улс, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөр;

-халдварт бус өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний эм урвалж, тоног төхөөрөмжийн зардлыг улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгөөр;

-олон улсын байгууллага, хандивлагч улс орон, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж.

3. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны
 чиглэл, хүрэх үр дүн

     3.1.  Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

     3.1.1. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлыг нийгмийн хөгжил, ядуурлыг бууруулах стратеги, төлөвлөгөөтэй уялдуулах;

     3.1.2. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах бодлого, үйл ажиллагаанд нийгмийн салбаруудын оролцоо, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, үйл ажиллагааны уялдаа, зохицуулалт, нэгдмэл байдлыг хангах, удирдан зохицуулах үүрэг бүхий тогтвортой дэд зөвлөлийг улс, орон нутгийн түвшинд бий болгох;

     3.1.3. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах боломжит орчныг улс, орон нутаг, байгууллагын түвшинд бүрдүүлж дараах үндсэн чиглэлийг удирдлага болгон хэрэгжүүлнэ:

          3.1.3.1. эрүүл мэндэд эрсдэлтэй (хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн түргэн хоол, чихэр, ханасан өөх, тос, давс их агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэх мэт) хоол, хүнс, архи, тамхины хэрэглээг бууруулах, эрүүл хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх;

          3.1.3.2. хүн амын жимс, ногооны хэрэглээ болон хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, эрүүл аж төрөх, халдварт бус өвчнөөс сэргийлэх талаар олон нийт, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлж, хүрээг тэлэх;

           3.1.3.3. эрүүл (ханасан өөх, тос, давс, сахар бага агуулсан) хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, дэмжих;

           3.1.3.4. эрүүл мэндэд эрсдэлтэй хоол, хүнс, архи, тамхины бүх төрлийн шууд болон шууд бус зар сурталчилгаа, үйлдвэрлэгчийн зүгээс урлаг, нийтийн биеийн тамир, спорт бусад олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, арга хэмжээг ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хориглох;

          3.1.3.5. эрүүл мэндэд эрсдэлтэй хоол, хүнс, архи, тамхины худалдаа, үйлчилгээнд тавих хууль хяналтын байгууллага, олон нийтийн хяналтыг сайжруулах;

          3.1.3.6. хот төлөвлөлт, инженерийн шийдлийг хүн амын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх, зориулалтын зам, талбай, тоног төхөөрөмж, хэрэгслийн хүртээмж, гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, аюулгүй орчин бүрдүүлэх замаар идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх.

      3.1.4. засаг захиргааны нэгжүүд болон сургууль, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байранд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг хянаж бууруулах зохицуулалт, хөшүүрэг бүхий орчныг байгууллага, хамт олон өөрсдийн оролцоотойгоор бий болгох.

Хүрэх үр дүн:

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг улс, орон нутаг, байгууллагын хэмжээнд удирдан зохицуулах механизмтай болж, салбар тус бүрийн эрүүл мэндийн төлөө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэн эрсдэлт хүчин зүйлийн тархалтын түвшин буурна.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

     3.2.1. хүн амд суурилсан өвчлөлийн статистик мэдээлэл, халдварт бус өвчний эрсдэлийг тандах шаталсан арга хандлагад тулгуурласан, олон улсын шаардлагад нийцсэн тандалт-хяналтын тогтолцоо бий болгон ашиглалтыг сайжруулах;

     3.2.2. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл болон эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг 3-4 жил тутамд судлан бодлого, стратегид шаардлагатай өөрчлөлт хийх талаар бусад салбар, хамтрагч талуудыг мэдээллээр хангах, мэдээлэл солилцох харилцан үр ашигтай механизм, нээлттэй мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх;

     3.2.3. хүн амын эрүүл мэндийн байдал, зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл, нас баралт болон эрсдэлт хүчин зүйлийн үзүүлэлт, тэдгээрт нөлөөлөгч нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн үзүүлэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурт тулгуурлан боловсронгуй болгох, судлах, улсын хэмжээний мэдээллийн сан байгуулан ажиллуулах;

     3.2.4. халдварт бус өвчний оношилгооны чанар, тоонд тавих хяналтыг сайжруулах, 4 дижит кодлолтыг нэвтрүүлэх, хүн амд суурилсан хавдрын бүртгэл мэдээлэл, эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцооны үйл ажиллагааг жигдрүүлэх, чанаржуулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

     3.2.5. НҮБ-ын Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаархи өндөр хэмжээний уулзалтын Улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг нотолгоонд суурилсан мэдээллээр цаг тухайд нь мэдээлэх.

Хүрэх үр дүн: Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрийн нийтлэг болон нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйлийг тандах тогтолцоо бий болж, ашиглалт сайжирна.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

     3.3.1. цусны даралт, цусан дахь холестерин, глюкозын хэмжээ, биеийн жингээ өөрөө хянах, зөвлөмж болгосон хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдах дадал, хэвшилд иргэдийг сургах, шаардлагатай багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх;

     3.3.2. артерийн гипертензи, чихрийн шижин хэв шинж-2-ыг эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлтэй бүлэгт чиглэсэн өвөрмөц арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнг тооцож ажиллах;

     3.3.3. эрсдэлт бүлэгт чиглэсэн арга хэмжээнд хамт олон, гэр бүлийнх нь гишүүдийг оролцуулах замаар амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний хүндрэлээс сэргийлэх арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;

     3.3.4. эрүүл мэндийн анхан шатны тусламжид ДЭМБ-ын халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN)-ыг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

     3.3.5. хүн амд суурилсан артерийн гипертензи, чихрийн шижингийн хэв шинж-2, умайн хүзүү, хөх, элэгний хавдрын эрт илрүүлэгт хийх хяналт-шинжилгээ, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмолжуулж, чанар, хүртээмжийг сайжруулах;

     3.3.6. халдварт бус өвчин, тэдгээрийн хүндрэлийн үеийн хөнгөвчлөх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, хүний нөөцийн чадавхи, шаардлагатай багаж хэрэгслийн хангамжийг орон нутагт нэмэгдүүлэх.

Хүрэх үр дүн: Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нийгэм, хамт олонд суурилсан, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн анхдагч, хоёрдогч тусламж, үйлчилгээ бэхжинэ.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

     3.4.1. тусгай мэргэжлийн төв эмнэлгүүдийн дэргэдэх зүрх судас, чихрийн шижин, харвалтын тасаг, нэгжүүдийн улсын хэмжээнд зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах чадавхийг сайжруулах;

     3.4.2. артерийн гипертензи, чихрийн шижин хэв шинж-2 болон амьсгалын замын архаг өвчний оношилгоо, эмчилгээний чанар, бүртгэл, мэдээллийг сайжруулах;

     3.4.3. хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудах тогтолцоог олон улсын түвшинд хүргэх;

     3.4.5. тусгай мэргэжлийн лавлагаа болон бусад эмнэлэг, төвүүдийн халдварт бус өвчний оношилгоо, эмчилгээний чанар, чадавхийг сайжруулах;

     3.4.6. халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах талаар эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, холбогдох байгууллагын ажилтанд тасралтгүй сургалт явуулах, үүнд зайны сургалтын арга технологийг өргөнөөр ашиглах.

Хүрэх үр дүн: Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчний бүртгэл, мэдээлэл, эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээний лавлагаа тусламжийн чанар, технологи, хүртээмж сайжирна.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх шатны төрийн байгууллага
болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн
оролцоо, хүлээх үүрэг

4.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.1.1. хүүхэд, өсвөр үе, хотын захын хороолол, алслагдсан дүүрэгт оршин суугчдын эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийн байдал зэрэг халдварт бус өвчний нийгмийн тодорхойлогч хүчин зүйлүүдэд үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;  

     4.1.2. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн тархалт, хүн амын зан үйл, нөлөөлөх хүчин зүйлийн өөрчлөлтөд тандалт хийж бодлого, стратегид шаардлагатай өөрчлөлт хийх талаар бусад салбар, хамтрагч талуудыг мэдээллээр хангах, нотолгоонд тулгуурласан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах;

     4.1.3. хүн амын эрүүл мэндийн байдал, зонхилон тохиолдох халдварт бус өвчний өвчлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйлийн үзүүлэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлтэд тулгуурлан боловсронгуй болгох, улсын хэмжээний мэдээллийн сан байгуулах;

     4.1.4. хүн амд зохистой хооллолт, хөдөлгөөний идэвх, архи, тамхигүй аж төрөхийн ач холбогдол, эрүүл сонголт хийх талаар мэдлэг, дадал төлөвшүүлэхэд чиглэгдсэн албан бус болон зайны сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлал, зөвлөмжийг холбогдох яам, газартай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;

     4.1.5. халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах оношилгоо, эмчилгээний арга зүйн чиглэлээр ажиллах хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх;

     4.1.6. зонхилон тохиолдох халдварт бус өвчний оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, хоол эмчилгээний стандартыг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах;

     4.1.7. цусны даралт, цусан дахь холестерин, глюкозын хэмжээ, биеийн жингээ өөрсдөө хянах дадал хэвшилд иргэдийг сургах, цусны даралт, илүүдэл жинг бууруулах, архи, тамхинаас гарах талаар эрсдэлтэй бүлгийн хүн амд зориулсан эмчилгээ-сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

     4.1.8. цусны даралт, цусан дахь холестерин, глюкозын хэмжээ, биеийн жингээ иргэд өөрсдөө хянах боломжтой, баталгаатай багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх.

4.2. Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.2.1. ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр дэх эрүүл, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол, тамхи, согтууруулах ундааны хор хөнөөлийн талаархи эрүүл мэндийн хичээлийн үр өгөөжийг сайжруулах;

     4.2.2. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, хоолонд хүүхдийн хоолны тэжээллэг чанар ба илчлэгийн хэрэгцээнд тохирсон "эрүүл" хүнс, хоол хэрэглэх, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах;

     4.2.3. их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн дотоод орчин дахь цайны газар, худалдааны цэгт амь нас, эрүүл мэндэд аюултай, эрсдэл учруулах, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах, сурталчилахыг хориглох, сургуулийг “Ногоон бүс” болгон хөгжүүлэх;

     4.2.4. ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв бүхэнд биеийн жингийн илүүдэл, таргалалтыг бууруулахад чиглэсэн тусгай хөтөлбөр, удирдамж хэрэгжүүлж, үр дүнг  удирдах ажилтан, биеийн тамирын  багшийн ажлын үр дүнд тооцдог болох;

     4.2.5. ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл материалын хангамж, хүртээмжийг сайжруулж, биеийн тамирын хичээлийг хүүхдийн нас, бие, сонирхолд нийцүүлэн боловсронгуй болгон, хичээлийн бус цагаар явагдах секц, дугуйлангийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хичээлийн завсарлагаар идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх орчин бүрдүүлэх;

     4.2.6. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх чиглэлээр анагаах ухаан, сувилахуй, биеийн тамир болон бусад багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт тусгах.

4.3. Соёл, спорт, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.3.1. хүн амын нас, ажил мэргэжлийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөний удирдамж, стандарт гарган хэрэгжилтэд яам, орон нутаг, холбогдох байгууллагуудыг татан оролцуулж, байгууллага бүр ажлын байранд идэвхтэй хөдөлгөөний дасгал хийх орчин бүрдүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах замаар биеийн тамирыг дээдлэгч дүр төрхтэй байгууллагын тоог нэмэгдүүлэх;

     4.3.2. хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин, илүүдэл жин, бэлхүүсний тойрог хэмжин тогтоох ажлыг орон даяар зохион байгуулж, үр дүнг тооцож бие бялдрын соёл, зан үйлийг төлөвшүүлэн ажиллаж байгаа удирдлага, хамт олон, байгууллагыг дэмжих, урамшуулдаг болох;

     4.3.3. алхах, гүйх, дугуйгаар явах, аялах баталгаат, аюулгүй зам, талбайн тоог нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл материал болон үйлчилгээний стандартыг тогтоож, мэргэжлийн хүний нөөцийн зохистой хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг хангах;

     4.3.4. их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн оюутнуудын олонхийг хамруулсан, тэдний хэрэгцээ, сонирхолд тохирсон биеийн тамирын цэнгээнт, уралдаан тэмцээн тогтмол явагдах орчин бүрдүүлэх;

     4.3.5. оюутан, сурагчдын биеийн жингийн илүүдэл, таргалалтыг бууруулах, тогтвортой барихад чиглэсэн арга хэмжээг тусгай хөтөлбөр, удирдамжаар хэрэгжүүлж, үр дүнг удирдах ажилтан, биеийн тамирын багшийн ажлын үр дүнд тооцдог болгох.

4.4. Үйлдвэр, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.4.1. эрүүл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр төрлийг нэмэгдүүлэх, сурталчилах ажилд зах зээлийн урамшуулал үзүүлэх хууль, эрх зүйн дэмжлэгт орчин бий болгох;

     4.4.2. үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, цагаан идээ болон хүнсний бусад бүтээгдэхүүнийг хадгалах технологийн горимыг чанд сахиулах, хүнсний бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэгч хор (афлатоксин) ялгаруулдаг мөөгөнцөрийн бохирдлоос хамгаалах арга хэмжээ авах;

     4.4.3. давс, саахар, тослог багатай хүнсний бүтээгдэхүүн, жимс, ногооны хэрэглээг дэмжсэн болон хүн амын давсны илүүдэл хэрэглээг бууруулах бодлого, зохицуулалтаар хангаж, хяналт тавих;

     4.4.4. эрүүл, аюулгүй, органик хүнс, хоолны үйлдвэрлэл, хангамжийг дэмжин хөгжүүлэх;

     4.4.5. эрүүл хоол, хүнс үйлдвэрлэгч, импортлогч, худалдааны байгууллага, хамт олон, хувь хүний үйл ажиллагааг нь дэмжих орчин бүрдүүлэх;

     4.4.6. хүнсний түүхий эд, түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх.

4.5. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                 4.5.1. зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэгт шаардагдах зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, хяналт тавих;

     4.5.2. ядуу, эмзэг бүлгийн хүн ам, өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг бууруулах ажлыг төрөөс хүн амын талаар баримтлах бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх;

     4.5.3. ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд халамжийн сангаас дэмжлэг үзүүлэх;

     4.5.4. aрхины хамаарлаас гарч, эрүүл хэв маягийг сонгосон хүнийг нийгэмшүүлэх зорилго бүхий нийгмийн халамжийн төвийг дэмжин ажиллуулах.

4.6. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.6.1. байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсадыг жилд нэгээс доошгүй удаа артерийн гипертензи, чихрийн хэв шинж-2, хөх, умайн хүзүүний хавдар, элэгний хавдар зэрэг өвчний эрт илрүүлэг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг тогтоох арга хэмжээг гурван талт хэлэлцээрт тусган хэрэгжүүлэх;

   4.6.2. тамхи, архинаас гарсан, эрүүл хэв маягийг сонгосон хүнийг дэмжин ажлын байраар хангах, байгууллага бүхэнд биеийн тамир, спортын хамтлаг байгуулах, ажиллагсдын эрүүл хоол, хүнсний хэрэглээг дэмжих, ажлын байранд эрүүл хоол, хүнсээр үйлчлэх орчинг бүрдүүлэх зэрэг ажиллагсдыг эрүүл байх болон хөдөлмөрийн чадвар алдалт, мэргэжлээс шалтгаалах өвчин үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

   4.6.3. байгууллагын ажиллагсад халдварт бус өвчин буюу зан үйлээс шалтгаалсан өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийг өөрсдөө хяналт тавьдаг болохыг дэмжсэн болон эрүүл зөв зан үйлтэй хүнийг дэмжин урамшуулах хөшүүрэг бий болгосон байгууллагыг дэмжин сурталчилах.

4.7. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.7.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, ядуурлыг бууруулах стратеги, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хүний зан үйлтэй холбоотой халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлыг тусган хэрэгжүүлэх;

     4.7.2. НҮБ-ын 2011 оны Ерөнхий Ассамблейн 66 дугаар Чуулганаас батлагдсан “Халдварт бус  өвчнөөс сэргийлэх, хянах тунхаглал”-ын үзэл санаа, зорилтыг хангах үндэсний төлөвлөлтөд оруулж, чиглэлийн яам, орон нутгийн оролцоог хангах.

4.8. Сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      4.8.1. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах талаар явуулах арга хэмжээний үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах;

     4.8.2. “эрүүл мэндэд эрсдэлтэй” хоол, хүнсний хэрэглээг бууруулах, эрүүл хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн татварын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг тасралтгүй нэмэгдүүлэх бодлого баримтлах.

4.9. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.9.1. хөтөлбөр хэрэгжилтэд олон улсын байгууллага, хандивлагчдын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг хангах, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт тусгах, тэдэнд энэ талаархи мэдээллийг хүргэх, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиглэлээрх гадаад бодлогыг олон нийтэд хүргэн сурталчилах.

4.10. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.10.1. халдварт бус өвчний чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тунхаглал, стратеги-төлөвлөгөөний заалт, зарчмыг хэрэгжүүлэх, халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах асуудлаар хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох бусад хууль тогтоомжид тусгах асуудлыг уялдуулан зохицуулах.

4.11. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.11.1. цэргийн албан хаагчдыг бие бялдрын өв тэгш хөгжилтэй, эрүүл аж төрөх зан үйлтэй болгох, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх орчинг харъяа байгууллагуудад бүрдүүлэх;

     4.11.2. цэргийн алба хаахаас өмнөх насны залуучуудын бие бялдрын хөгжлийн түвшинг хангалттай түвшинд хүргэх асуудлыг боловсролын асуудал хариуцсан байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад мэдээлэх, холбогдох арга хэмжээ авч үр дүнг тооцож ажиллах.

4.12. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.12.1. тээврийн хэрэгслийг архи, тамхигүй орчин байх, эрүүл мэндэд ээлтэй хоол, хүнс, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сурталчилгааг нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэсэг болгон өргөжүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх;

     4.12.2. хүнсний түүхий эд, түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх.

4.13. Хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.13.1. амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрүүл мэндээ хянах орчин бүрдүүлэх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг дахин гаргахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч, зөвлөгөө дэмжлэгээр аж ахуйн нэгж, иргэдийг хангах;

     4.13.2. эрүүл мэндэд эрсдэлтэй хоол, хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхины үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих лабораторийн хяналтыг олон улсын түвшинд хүргэж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан нь бүрэн тогтоогдсон бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, худалдахад хяналт тавьж байх;

     4.13.3. зонхилон тохиолдох халдварт бус өвчний оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтэд хяналт тавих;

     4.13.4. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн цайны газар, хүнсний худалдааны цэг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон эрүүл хоол, хүнсний хангамж, хэрэглээнд хяналт тавих.

4.14. Стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.14.1. хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь давс, чихэр, тослогийн хэмжээг бууруулах чиглэлээр стандартыг шинэчлэн баталж мөрдүүлэх;

     4.14.2. согтууруулах ундаа, тамхин бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтыг Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратеги, удирдамжид нийцүүлэн шинэчлэн мөрдүүлэх;

     4.14.3. биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл, материал болон үйлчилгээний стандартыг тогтоох, 1000 хүнд ногдох биеийн тамир, спортын заал талбай, мэргэжлийн хүний нөөцийн зохистой хэмжээг тодорхойлох, стандартчилах;

     4.14.4. эрүүл хүнсний бүтээгдэхүүний стандартыг боловсруулж, мөрдүүлэх.

4.15. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.15.1. орон нутгийн хүн амын зан үйлтэй холбоотой халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоон орон нутгийн онцлогт тохирсон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр, шалгуур үзүүлэлт боловсруулан хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих;

     4.15.2.  амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлтэй тэмцэх, эрт илрүүлэх үзлэг, хяналтын үйл ажиллагааг зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн төвийн манлайлал, чадавхийг сайжруулах;

     4.15.3. эрүүл мэндэд эрсдэлгүй орчин бүрдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх хөдөлгөөнийг аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд өрнүүлж, үр дүнтэй  санаачлагыг  дэмжин дэлгэрүүлэх;

     4.15.4. хавдар, чихрийн шижин өвчний үед үнэ төлбөргүй олгодог эмийн зардлын тооцоог нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагаар гаргуулан жил бүрийн төсөвт нь тусган санхүүжүүлэх.

 4.16.  Аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.16.1 ажиллагсдыг эрүүл, зохистой хооллох, биеийн жингийн индекс, бэлхүүсний тойргоо хянаж хэвийн хэмжээнд барих, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжоор хангах, халдварт бус өвчний эрт илрүүлэлтэд хамруулах, архи, тамхигүй орчин бүрдүүлэх асуудлыг байгууллагын хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тусгах, эрүүл хүнийг дэмжин урамшуулах (цалингийн нэмэгдэл, ажлын нэг өдрөөр чөлөө олгох гэх мэт) хөшүүрэг бий болгон ажиллах;

     4.16.2. архи, тамхинаас гарсан, эрүүл хэв маягийг сонгосон хүнийг дэмжин ажлын байраар хангах, ажиллагсад эрүүл, хоол хүнс хэрэглэх, биеийн тамираар хичээллэх орчин бүрдүүлэх;

     4.16.3. байгууллагын нийт төсвийн 3-5 хувийг ажиллагсдын эрүүл мэнд, биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагаанд зарцуулдаг болох.

4.17. Хүнсний үйлдвэр, зах, бүх төрлийн нийтийн хоолны газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     4.17.1. халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох мал, амьтны гаралтай өөх, тос, чихэр, давс ихтэй бүтээгдэхүүн, тамхи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах;

     4.17.2. үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн, тэжээллэг чанарын талаархи мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр сурталчилгаа хийх.

 4.18.  Иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо:

     4.18.1. эрүүл, зохистой хооллон идэвхтэй хөдөлгөөн хийж, архи, тамхи хэрэглэхгүй байх;

     4.18.2. биеийн жин, бэлхүүсний тойрог, цусны даралт, цусан дахь сахар, өөх тосны хэмжээг тогтмол хэмжих, хянах арга барилд суралцах, энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэл, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хугацаанд илрүүлэг үзлэг, нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамрагдах;

     4.18.3. эрүүл мэндэд эрсдэлтэй хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн түргэн хоол, чихэр, далд давс их агуулсан хоол хүнс хэрэглэхээс татгалзах, энэ талаархи зар сурталчилгааг холбогдох байгууллагад мэдэгдэх.

5. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

5.1. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийгмийн бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны нэгдсэн удирдлага, зохицуулалтыг Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан нийгмийн эрүүл мэндийн дэд зөвлөл зохион байгуулж, өдөр тутмын ажлын зохицуулалтыг хангах техникийн ажлын хэсэг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ажиллана.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, мэдээллээр хангах, хяналт тавих ажлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хавдар судлалын үндэсний төв, тусгай мэргэжлийн эмнэлэг болон төвийн дэргэдэх чихрийн шижин, зүрх судас, харвалтын төв хамтран гүйцэтгэнэ.

5.3. Аймаг, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтцэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний тандалт, хариу арга хэмжээ авах нэгж ажиллана.

5.4. Орон нутагт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчинд нөлөөлөх нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлийг бусад салбарын оролцоотойгоор бууруулах ажлыг нэгтгэн үр дүнг тооцох, тайлагнах үүргийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн зөвлөл хариуцан тайлангаа жил бүрийн           I улиралд багтаан эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.5. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг нэгтгэн Засгийн газарт жил бүрийн I улиралд тайлагнана.

6. Хяналт-шинжилгээ, үр дүн, шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийн 1 дүгээр  үе шат  2014-2017 он,  2 дугаар  үе шат 2018-2021 он байна. Дунд шатны үнэлгээг 2017 онд хийнэ.  Үндэсний хэмжээний үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн үнэлгээг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:


Шалгуур үзүүлэлт
Эх үүсвэр
2013 оны түвшин
Хүрэх үзүүлэлт
2017
2021
I. Хүний зан үйлтэй холбоотой халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлт:
1.
Хүн амын тамхины хэрэглээ, хувиар
*
27.1
27.0
21.7
2
Сүүлийн 30 хоногт тамхийг 1-2 удаа хэрэглэсэн  13-15 насны хүүхэд, хувиар  
**
5.9
5.4
4.9
3
Сүүлийн 30 хоногт тамхийг 1-2 удаа хэрэглэсэн  16-17 насны хүүхэд, хувиар  
**
17.5
16.0
14.5
4
Сүүлийн 30 хоногт ажлын байрандаа тамхины утаанд өртөгсөд, хувиар
*
25.5
23.4
21.3
5.
15-аас дээш насны нэг хүнд ногдох бүртгэгдсэн согтууруулах ундаа, литр (архинд шилжүүлснээр)
*****
9.8
8.8
7.9
6.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгчид, хувиар
*
10.3
10.0
9.6
7.
Согтууруулах ундааг 1-2 удаа хэтрүүлэн хэрэглэж үзсэн сурагчид, 15-17 нас, хувиар
**
23.1
22.3
21.6
8.
25-64 насны хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээ (гр/хоног)
****
11.1
10.0
8.9
9.
Жимс, ногоог хоногт 5 нэгж (400гр) хэрэглэж чадахгүй байгаа хүн ам, хувиар

*
96.4
88.4
80.3
10.
Хөдөлгөөний хомсдолтой хүн ам, хувиар

*
22.3
21.6
20.8
II. Хүний зан үйлтэй холбоотой халдварт бус өвчний хоёрдогч эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлт:
1.
Илүүдэл жин, таргалалттай хүн амын эзлэх хувь (БЖИ ≥25кг/м2)
*
54.4
49.9
45.3
2.
Цусны даралт ихсэлт (артерийн дээд даралт ≥140, доод даралт ≥90 ба даралт бууруулах эм хэрэглэж байгаа)-ийн тархалт, хувиар  
*
27.5
25.2
22.9
3.
Цусан дахь нийт холестерины хэмжээ 5 ммол/л ба түүнээс их хүн амын эзлэх хувь

*
61.9
56.7
51.9
4.
Захын цусан дахь глюкозын хэмжээ      5.6-6.0 ммол/л байгаа хүн амын эзлэх хувь
*
8.3
7.6
6.9
5.
Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэн    (6.1 ммол/л ба түүнээс их), глюкоз бууруулах эм хэрэглэж байгаа хүн ам, хувиар
*
6.9
6.3
5.8
III. Хүний зан үйлтэй холбоотой халдварт бус өвчний эрт илрүүлэлт, өвчлөлийн үзүүлэлт:
1.
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар (30-60 нас)
***
41.6
61.0
80.4
2.
Хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар             (30-60 нас)
***
33.1
55.4
77.8
3.
Артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан  хүн ам, хувиар
 (40-64 нас)  
***
38.5
59.0
79.5
4.
Чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан  хүн ам, хувиар
(40-64 нас)
***
32.5
55.0
77.5
IҮ. Зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл, нас баралтын үзүүлэлт:
1.
Хорт хавдраас шалтгаалсан нас баралт
 (10 000 хүн амд)
***
12.6
11.6
10.5
2.
Зүрх судасны тогтолцооны шалтгаант нас баралт (10000 хүн амд)
***
20.9
19.2
17.4


Тайлбар:
(*) Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа, 2013 он
(**) Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаа, 2013
(***) Эрүүл мэндийн статистик үзүүлэлт, 2012 
(****) Хүн амын давсны хэрэглээний судалгаа, 2012
(*****) Үндэсний статистикийн мэдээллийн эмхтгэл, 2012

-Хүнсний ногооны нэг нэгж :        а) нэг аяга түүхий ногоо
                                    б) хагас  аяга чанасан ногоо

-Согтууруулах ундааг согтотлоо хэрэглэсэн сурагчдын хувийг сурагчдын согтууруулах ундааг согтотлоо хэрэглэсэн эсэхийг тэнцвэр алдагдах, хэл ээдрэх, бөөлжих зэрэг шинжээр тооцсон.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн эрүүл мэндээ дэмжихийн тулд 7 хоногийн 5 ба түүнээс олон өдрүүдэд 30 минутаас багагүй хугацаанд дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.



No comments:

Post a Comment