Wednesday, February 26, 2014


Дэлхийн агаарын бохирдол ихтэй 10 хотын 2 дугаарт
Улаанбаатар хот оржээ

Агаарын бохирдлын тодорхой хувийг утаа бий болгодог бол тодорхой хувийг нь  тоос, тоосонцор үүсгэдэг.
Тоосыг диаметрээр нь ялгахын тулд том ширхэглэгтэй (РМ10), нарийн ширхэглэгтэй (РМ2.5) гэж  хуваадаг ч хүний  эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг төмөр, кадми, хар тугалга гэх мэт маш олон төрлийн хүнд металлууд тоосонд агуулагддаг.
 Тоосны диаметрийн хэмжээ бага байх тусам хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Учир нь тоосны ширхэг бага байх тусам амьсгалын замын эрхтний гүнд хуримтлагдаж, бие мах бодид хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг саатуулдаг. Ингэснээр амьсгалын дутагдалд орж, дархлаа сулрах зэргээр эрүүл мэндэд нөлөөлдөг. Түүнчлэн нарийн ширхэгтэй тоос агаар мандалд маш хол зайд зөөвөрлөгддөг учир зөвхөн тоос ихээр үүсэх эх үүсвэр байгаа газрын хүн амд хамаатай гэж үзэж болохгүй ба нарийн ширхэглэгтэй тоосонцор нь тив дэлхийг дамжин тархдаг аюултай юм.
Диаметр нь том болох тусам уушгины гүнд орох нь бага бөгөөд өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааны эрхтэн систем буюу хамар түүний дотор байгаа үс, хучуур эсүүдийн тусламжтайгаар гадагшилж байдаг. Тухайлбал, бид их тоостой газар явах, эсвэл тоостой орчинд ажилласны дараа хамраас их хэмжээний бохир гардаг шүү дээ.

Гадаад орчны агаарт том ширхэглэгт тоосонцор (PM10)-оос  доош хэмжээтэй жигнэгдэгч бодисын хэмжээ хамгийн ихтэй дэлхийн 10 хотыг жагсаахад Улаанбаатар хот Ираны Авхаз хотын дараа хоёрдугаар байранд орсон байна[1].



Улс орнуудын хэмжээнд

Жигнэгдэгч бодисууд буюу тоосонцрын  нөлөөлөлд өртөх нь зүрх судасны  өвчин, амьсгалын замын хурц, архаг халдварууд болон уушгины хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Дэлхийн улс орнууд нь хот суурин газрынхаа агаар дахь 10 мкм буюу түүнээс бага диаметр бүхий тоосны (PM10) жилийн дундаж агууламж хэмжээг  өөрийн улс орныхоо олон хотуудад хийсэн хэмжилтүүдийн дүнд үндэслэн тооцоолдог. Дэлхийн 91 орны агаар дахь тоосны дундаж агууламжийг  2003-2010 оны дунджаар авч үзэхэд  11-100мкг/м3 хэмжээнд хэлбэлзэж байлаа[2].

Хотуудын хэмжээнд

Дэлхийн 91 орны 1100 орчим хотуудын агаар дахь  10 мкм буюу түүнээс бага диаметр бүхий тоосны (PM10) агууламж хэмжээний талаарх мэдээнээс харахад нэлээд олон хотуудад нь энэ хэмжээ ДЭМБ-ын агаарын чанарын гарын авлагад заасан хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байлаа. Бохирдлын энэ хэмжээг 2003-2010 оны хэмжилтийн дунджаар тодорхойлсон ба 2008, 2009 онуудад хамгийн олон  хэмжилт хийгджээ1.

Дэлхийн хотуудын агаарын бохирдол

Энэхүү мэдээллийн сан нь дэлхийн 91 орны 1100 орчим хотын гадаад орчны агаарын бохирдлын хяналтын хэмжилтийн дүнг багтаасан. Агаарын чанарыг агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламжаар (2.5 ба 10 микроноос бага хэмжээтэй) авч үзсэн.  Мэдээллийн сан нь 2003-2010 оны хэмжилтийн дунджийг   хамарсан ба  2008, 2009 онуудад хамгийн олон  хэмжилт хийгджээ.
Эдгээр мэдээллүүдийг дараах эх үүсвэрүүдээс авлаа. Тухайлбал, улс орнуудын үндэсний  хэмжээний тайлан,  вэб сайт дахь мэдээллүүд, Азийн болон Европын цэвэр агаарын мэдээллийн  бүсийн сүлжээн дэх мэдээ баримтууд, хэвлэгдэн гарсан бусад  материалууд.
Энэхүү мэдээллийн сан нь тоосны хэмжилтийн хяналтын цэгүүд, оршин суугчдын бүс,  замын хөдөлгөөн ихтэй болон худалдааны цэгүүд зэрэг хотын бүх суурьшлын бүсүүдийн  хэмжилтийн мэдээллүүдийг багтаасан байдаг ба энэ нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож  чадахуйц байдаг. Агаар дахь том ширхэглэгт тоосонцор (PM10) –н хэмжээ дэлхийн бүс нутгуудад  21- 142 мкг/м3 хэлбэлздэг  ба  дунджаар 71 мкг/м3 байдаг1.



[1] http://science.time.com/2011/09/27/the-10-most-air-polluted-cities-in-the-world/



НЭМҮТ, Эрүүл ахуй, хүний 
экологийн секторын 
ЭШАА, Г.Амгалан 


No comments:

Post a Comment