Monday, February 3, 2014


"ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" ДЭЛХИЙН ӨДӨР 
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Олон улсын холбооны санаачлагаар “Хорт хавдраас сэргийлэх, хянах”  чиглэлээр жил бүрийн 02 сарын 04-ний өдрийг дэлхий нийтээр “Хавдрын асуудалд анхаарал хандуулахдэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр хүн амын дунд хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд 2014 оны энэ өдрийг дэлхий нийтээрээ “Хавдар шинж тэмдэггүй явагддаг, хавдартай бол юу ч хийж чадахгүй, хавдар эмчлэгдэхгүй гэсэн“ ташаа  ойлголтыг өөрчлөх зорилгоор зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Монгол улсад хорт хавдар өвчний шалтгаант нас баралт нь 1990 оноос хойш хүн амын нас баралтын хоёр дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. 2012 оны байдлаар хорт хавдар нийт нас баралтын 21,2%-ийг эзэлж, нас баралтын түвшин 10000 хүн амд эрэгтэй 14,7, эмэгтэйд 10,7 байснаас элэг ходоодны хорт хавдар аль ч хүйсэнд тэргүүлэх шалтгаан болсон байна. Үүнээс 2012 онд 4544 тохиолдол шинээр  бүртгэгдсэн нь нийт хавдрын 31,5 хувийг эзэлсэн байна.
2012 онд хорт хавдар гэж оношлогдсон хүн амын 78,9 хувь нь 3,4 дүгээр үе шатандаа оношлогдож, харин хорт хавдрын улмаас нас барсан нийт тохиолдлын 70,4 хувь нь анх оношлогдсоноосоо хойш 1 жил хүртэлх хугацаанд амьдарсан байна. 2011 онтой харьцуулахад хожуу оношлолтын хувь 0,9 хувиар буурсан үзүүлэлттэй, анх оношлогдсоноосоо хойш 1 жил хүртэл амьдраад нас барсан хувь 2,9 хувиар нэмэгдсэн байна.
2012 онд Монгол улсад бүртгэгдсэн 16923 нас баралтыг шалтгаанаар нь үзэхэд элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн  9,6 хувь буюу  1 дүгээрт, ходоодны хорт хавдар 3,3 хувь буюу нас баралтын шалтгааны 2 дугаарт байгаа нь анхаарал татаж байна.
            Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7,6 сая хүн нас барж байна. Гэтэл хорт хавдрыг нийт тохиолдлын 40-өөс дээш хувийг сэргийлэх боломжтой байдаг.
            Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас 2008-2013 оны хооронд хэрэгжүүлж буй “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Хавдрын бүртгэл, эргэн дуудах тогтолцоо” төсөл хэрэгжиж, улсын хэмжээнд анх удаа умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэг эхлүүлж, эргэн дуудах тогтолцоог нэвтрүүлж байна.
2012 онд энэхүү ажлын дүнд хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 41,6 хувь нь хамрагдаж 4,9/3682/ хувь нь пап эерэг буюу умайн хүзүүний эсийн түвшинд өөрчлөлттэй, умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийн шинэ тохиолдол 39 илэрсэн байна. Хөхний өмөнгийн боломжит илрүүлэгт 104615 эмэгтэй хамрагдсанаас 2,8 хувьд нь хөхний эмнэлзүйн үзлэгээр эерэг буюу хөхөндөө бэрсүү, үүсгэвэртэй гэж бүртгэгджээ. Хөхний эмнэлзүйн үзлэгээр эерэг гарсан 2884 тохиолдлын дундаас хөхний өмөнгийн өвчлөлийн шинэ тохиолдол 10 оношлогдсон байна.
Эрүүл Мэндийн Яам 2006-2015 онд хэрэгжүүлэх Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө ба түүнийг 2006-2010 онд хэрэгжүүлэх хүрээнд Японы нийгмийн халамжийн үйлчилгээний олон улсын корпорацийн дэмжлэгтэйгээр Хорт хавдраас сэргийлэх, хянах  зорилгоор “Хавдрын бүртгэл, эргэн дуудах тогтолцоо” төслийг үргэлжлүүлж байгаа тул энэхүү үзлэгт хамрагдан хөх умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэгээр өвчнөө эрт үедээ оношлуулах болон аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мэдээлэл бэлтгэсэн: С.Гэрэлмаа
НЭМҮТ Халдварт бус өвчний тандалт
сэргийлэлтийн албаны мэргэжилтэн
Холбоо барих утас: 99280101
Email: gerelmaa_sur@yahoo.com 

No comments:

Post a Comment