Thursday, January 9, 2014

2-5 настай хүүхдийн хооллолтын зөвлөмж


2-5 настай хүүхдийн хооллолтын зөвлөмж

Энэ насны хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, дотоод эрхтэн тогтолцоо нь өсч хөгжихөд хэрэгцээтэй тэжээлийн бодисоор, булчин, бүх эрхтний үйл ажиллагааг хэвийн явуулахад хэрэгцээтэй илчлэгээр хангагдах шаардлагатай. Энэ насанд хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг бөгөөд хүүхдийн хөдөлгөөн нэмэгдэж илч зарцуулалт нь ихэсдэг тул зарцуулсан илчийг зөв нөхөж байх шаардлагатай.
Хооллолтын зөвлөмж:
Өдөрт 3-4 удаа хооллох ба хоол идэх дуршлаас нь хамааруулж 1-2 удаа тэжээллэг зууш бусад зүйлийг хоолны хооронд өгнө.
Ø  Хүүхэд идэж чадахаар бүх төрлийн хоол, хүнснээс өгнө. Шаардлагатай бол жижиглэж нухана.
Ø  Хоолны өтгөн, шингэнээс хамаарч нэг удаад бүтэн, мөн хагас аяга хоолтэй тэнцэх хэмжээний зүйл өгнө
Ø  Хүнсний бүтээгдэхүүн ба хоолны нэр төрлийг олшруулна.
ü  Цагаан болон 1, 2-р гурил, уг гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хар талхыг хослуулан хэрэглэнэ.
ü  Хүүхдэд хонины махаар хийсэн бууз, баншийг сард 1-2 удаа өгнө. 7 хоногийн 3 өдөр нь малын мах, 1-2 өдөр нь загас, тахианы мах өгөх, 1 өдөр нь махгүй хоол хэрэглэвэл махны зохистой хэрэгцээг хангана. Ер нь 7-14 хоногт малын элэг, уушиг болон өндөг, загасны махыг хүүхдийн хоолонд оролцуулан бэлтгэнэ
ü  Хүүхдийн хоолонд өдөр бүр тараг, сүү, сүүн бүтээгдэхүүнийг оролцуулан бэлтгэж өгөх, өдөрт 1 аяга сүү эсвэл 1 аяга тараг өгч хэвших хэрэгтэй.
ü  Биеийн эсэргүүцэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад онцгой ач холбогдолтой, аминдэм, эрдсээр баялаг олон төрлийн хүнсний ногоог аль болохоор ахиухан хэрэглэх хэрэгтэй.
ü  Өөрийн оронд ургадаг нохойн хошуу, чацаргана, аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэ, өвөл, хаврын улиралд хатаасан, хөлдөөсөн, чанамал байдлаар хэрэглэнэ.

Ø  Хоолыг аягалаж, таваглахдаа тэдний сонирхлыг татах хэлбэр дүрс оруулах төдийгүй хооллож буй орчинг цэвэр цэмцгэр, аюулгүй байх хэрэгтэй. 

Ø  Шарж  амталсан төмс, эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, хавчуургатай бяслаг мах талх, чихэр, шоколад нь далд тос, давс, уураг, амт оруулагч ихтэй төдийгүй нийлмэл нүүрс ус багатай тул хүүхдийн хоолны цэснээс хасах хэрэгтэй.
Ø  Чихэр, чихэрлэг боов, жимс, жимсний шүүсийг хооллохын өмнө өгөхөөс аль болох зайлхийвэл зохино.

Хүүхдийг урамшуулж,  идэвхитэй хооллох арга
Хүүхдийг хооллоход эцэг эх, асран хамгаалагчид нь байнга дэмжлэг үзүүлж байх шаардлагатай.  
Ø  Хүүхдийг нэмэгдэл хоол идэж эхлэх үеэс л өөрөө хооллож сурахад нь туслана. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сургана.
Ø  Хүүхдэд тохирсон аяга, таваг, халбага оноон өгч, өөрийнх нь аяга тавагнаас хооллоно.
Ø  Хүүхдийг ширээний ард тогтвортой сууж хооллуулж сургана.
Ø  Хүүхдээ хооллоход нь цаг зарцуулж, тэвчээртэйгээр тусалж дэмжэнэ. Хүүхэдтэй эелдэгээр ярьж, түүний нүд рүү хараад, хоолоо идэхэд нь урамшуулан дэмжиж өгнө.
Ø  Идэж буй хоолны хэмжээг хянана. Учир нь хүүхэд ширээний ард удаан суулаа гээд их иддэггүй, харин ч хоолныхоо ихэнхийг асгаж, идвэл зохих хэмжээний хоолоо идэж чадаагүй байж мэднэ. Харин идвэл зохих хэмжээний хоолоо идсэн хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилж болохгүй.
·         Хэрэв хүүхэд хоолоо идэх зуур сонирхол нь буурч, анхаарал нь сарнин өөр зүг рүү хандвал, хоол руу нь эргэж анхаарлыг нь хандуулна (хүүхдийг хооллох үед зурагтаа унтраах, өрхийн бүх хүмүүс зэрэгцэж сууж хооллох г.м.)
·         Хүүхэд хоол идсэний дараа цангаж байгаа нь ажиглагдвал ус өгнө (буцалгаж, хөргөсөн ус байх хэрэгтэй). Хүүхдэд өөрийн дураар, хүссэн үедээ авч ууж болохуйц шингэн зүйлийг бэлдэж өгч байх 

НЭМҮТ, Хоол судлалын сектор

No comments:

Post a Comment