Wednesday, May 28, 2014



Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах
үйл ажиллагаанд нэгдэцгээе

Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг нь “Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтыг бууруулах”  асуудал юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Арьсны өвчин судлалын үндэсний төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан “Ургамлын тоосны харшлаас сэргийлье” зөвлөмж, “Улиас мод болон шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтын хуанли”-ийг боловсруулсан. Ургамал судлаачид ургамлыг цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдэхээс өмнө тайралт/хадалт хийх нь тоосжилтыг бууруулах хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна.
         
  Иймээс иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах үйл ажиллагаанд нэгдэж зөвлөмжид заасан хугацаанд тайралт/хадалт хийхийг уриалж байна.



Ургамлын тоосны харшлаас сэргийлэе! 

Ургамлын тоосны харшил
Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил ихээхэн нэмэгдэж байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилжлууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна.



Ургамлын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?

Шарилж, луулийн төрлийн ургамлууд 7-р сарын эхний долоо хоногийн сүүлээс  8-р сарын дунд үе хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх эрсдэлтэй байдаг.

Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно.

Эдгээр харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө тайралт/хадалт хийснээр үрийн нөөцийг бууруулах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.

Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлийн долоо хоногоос  8-р сарын дунд үе хүртэл 3 удаагийн давтамжтай тайралт хийнэ.

Эхний тайралт: 6-р сарын 20 - 7-р сарын 1
Хоёрдугаар тайралт: 7-р сарын 15 - 7-р сарын 25
Гуравдугаар тайралт: 8-р сарын 5 – 8-р сарын 15

Тайралт хийхэд анхаарах зүйлс:
       -       Шарилж, луулийн төрлийн ургамлыг 7-10 см 
            өндөртэй байхад тайрах
       -      Салхигүй үед тайрах

 Тайралт хийснээр тухайн газрын ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон масс нэмэгдэх, хөрсний үржил шим, нөхөн төлжилт, ургамалжилт дахин  бүрдэж хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой тул зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдэхгүй байх нь чухал юм.

Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл















Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд
-          Шингэн нус их хэмжээгээр гоожих
-          Хамар битүүрэх
-          Ойр ойрхон хүчтэй найтаалгах
-          Нүд улайх, загатнах, эсвэл хорсох
-          Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих
Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ
-           Хаалга цонхоо хаах, тор байршуулах
-           Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
-           Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх
-           Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх
-           Гадуур явахдаа амны хаалт зүүх.
-     Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх


НЭМҮТ 
Утас/факс: (976-11) 45-86-45
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо
Энхтайвны гудамж 17
Цахим хаяг: www.ncph.gov.mn
И-мэйл: info@ncph.gov.mn 


Tuesday, May 13, 2014

Архины гэр бүлд үзүүлэх сөрөг нөлөө сэдэвт видео бичлэгийн уралдааны дүн гарлаа



АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр ажилладаг баг нь өөрсдийн ажиллаж буй орон нутгийн хүн амын дунд архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад хувь нэмэр оруулахаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Жил бүр архи согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар хүн амын мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг эдгээр Америкийн сайн дурын ажилтнууд санаачлан зохион байгуулдаг. Кампанит ажлын хүрээнд өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд зургийн уралдаан, скитээр гулгах уралдаан, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хийдэг байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүн амын дунд архи согтууруулах ундааны талаарх зөв ойлголтыг өгөх, өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ төлөө эрүүл сонголт хийхэд нь сэдэл өгөхөд оршдог.  
Сургуулийн сурагчдын дунд видео бичлэгийн уралдаан нь тэднийг үе тэнгийнхэндээ өөрсдийн видеогоор дамжуулан мэдээлэл өгөх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаан 9-11р ангийн сурагчдын дунд 2-4 минутын видео бичлэгийг архины гэр бүлд үзүүлэх нөлөө сэдвээр зарлагдсан. Уралдааны зорилго нь сурагчид өөрсдийн мэдлэг дээр тулгуурлан бүтээсэн видеогоор дамжуулан найз нөхөд үеийнхэн, орон нутгийн иргэдэд архины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөхөд зорилоо. Энэ нь сургалтыг зөвхөн анги танхимд бус мөн өөр хөгжилтэй арга хэлбрээр хийж болдог нэг жишээ юм.    

Энэхүү уралдааны 1-р байрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р дунд сургуулийн сурагчдын баг:
Батхуяг Хосчимэг, Бүрэнцогт Билгүүн, Ганбат Энэрэлсайхан, Батсайхан Солонго, Буянбаатар Уртнасан, Аюургина НоминЭрдэнэ, Батмѳнх Хатансайхан, Нямдорж Мѳнхцэцэг
1-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/n63wws6

2​-р байрыг: Ховд аймгийн сурагчдын баг: Т.Хосбилэг, Г.Түвшинзаяа, Г.Сэргэлэн, Б.Хонгорзул, Б.Ганчимэг.

2-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/knk3k57


Saturday, April 26, 2014

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно.



ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
“Эрүүл, аюулгүй ажлын байр”- дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар Эрүүл ажлын байр-2014 сарын аяныг Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны А зааланд 14:00 цагт болно.
Энэхүү аяны үйл ажиллагааг нээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэх бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг үндэсний хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас Эрүүл, аюулгүй ажлын байр-ны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэх юм. 

Tuesday, April 15, 2014

"Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар" аяны хаалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа


 "Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар" аяны хаалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
 



Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран 2013 оны 12 сарын 01-нээс 2014 оны 03 сарын 01 хүртэлх хугацаанд Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар аяныг хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж үр дүнгээ нэгтгэн дүгнэлээ. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж  талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийсэн. 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл багасгаж, 906 тохиолдлоор бууруулсан.


Аяны хугацаанд (12.19-03.01) хальтирсан тохиолдлын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 906 тохиолдоор (1.4 дахин) бага байна.




Хальтирч унасан газрын байршил (2013.12.19-2014.03.01)







Дээрх тоо баримтаас харахад гэр хорооллын гудамж, хотын гудамж, орон сууц, гэрийн орчимд хальтирч унах нь илүүтэй ажиглагдаж байна.  Ялангуяа гэр хорооллын гудамжинд хамгийн ихээр хальтирч унаж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.



Хальтирч унасан тохиолдол (шалтгаанаар) 2013.12.19-2014.03.01


Тус аяны хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран “Хальтиргаагүй зам-Шуурхай удирдлага”, Монголын оюутны холбоотой хамтран “Шингэн хог хаягдлын зохистой менежмент”, Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хальтиргаагүй, аюулгүй орчин” сэдэвт уралдааныг  зохион байгууж  амжилттай оролцсон байгууллага, хамт олон, оюутнуудыг шалгаруулан шагналаа.
Аяны хүрээнд оролцогч, хамтран ажиллагч талуудаас гаргасан зөвлөмжид дараах санал, санаачлагууд тусгагджээ.



Гэр хорооллын гудамж талбайд:



Гэр хорооллын гудамжинд хальтиргаа үүсч байгаа гол шалтгаан болох айл өрхөөс гарч буй шингэн хог хаягдлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар цуглуулах, хадгалах, зайлуулах менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд:



  • Шингэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах шинэ санаа санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх. 
  • Айл өрх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус менежментийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах (мэдээлэл сургалт, суралчилгааны ажил) 
  • Холбогдох хууль эрх зүйн орчныг бий болгох 
  • Үйл ажиллагааны хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллах 
  • Шингэн хог хаягдлын зохистой менежментийг нэвртүүлэхэд олон салбарын хамтын оролцоо чухал юм.


Хотын гудамж талбайд:



Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12/61 тоот захирамжийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож тогтмол хяналт хийж хариуцлага тооцож /сануулах, торгох/, туршлагыг дэлгэрүүлэх /урамшуулах, сурталчлах/ ажлыг зохион байгуулах



Байр орон сууцны орчимд:



  • Дүүрэг, хороодын засаг даргын тамгын газраас холбогдох албан тушаалтанд өөрсдийн харъяа байр орон сууцны эргэн тойрны цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхыг үүрэг болгож, хэрэгжилтийг тогтмол хянах
  • Байр орон сууцны эргэн тойрны цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх идэвхи санаачлагыг дэмжих  




НЭМҮТ, ХБӨТСА