Sunday, January 19, 2014

Дасгалаар эрүүлжихүй, чийрэгжихүй


Дасгал хөдөлгөөний ач холбогдол 

Тохирсон дасгал хөдөлгөөн хийснээр мэдрэл, зүрх судас, булчин дотоод шүүрэл бусад эрхтэн систем болоод үе холбоос, булчин шөрмөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. /уян хатан чанарт/

  • Нурууны булчингуудыг бэхжүүлж, нуруугаар өвдөх түүнээс үүдэлтэй бусад өвчнүүдээс сэргийлнэ.
  • Идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар зүрхний булчинг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулна.
  • Бие махбодь тайвширч амарна, амьдралын эрч хүч нэмэгдэнэ.
  • Дасгал хөдөлгөөнөөр хичээллэснээр бодисын солилцоо, идэвхжиж, илүүдэл жин зэрэг эрсдэлт хүчин зүйлүүдээс сэргийлнэ.
Тохирсон дасгал хөдөлгөөн нь эерэг сэтгэл хөдлөлийг буй болгож сэтгэхүйн мэдлэг мэдээллийг баяжуулж өгдөг.


Эрүүлжин чийрэгжүүлэх, биеийн тамираар хичээллэгчдэд өгөх зөвөлгөө

- Таны сэтгэл тааламжтай үед та дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй
- Ханиад томуу бусад өвчний шинж тэмдэг бууртал дасгал хийх давтамжаа түр зогсоо
- Биеийн тамирын дасгалыг хоол идсэнээс хойш доод тал нь 2 цагийн дараа хийх
- Дасгалаа цаг уурын нөхцөлтэй тохируулж хийх / халуун нартай, 20 хэмээс дээш дулаантай   үед эрчмийг сулруулах сэрүүн ундаа уух г.м/
- Дасгал хийхэд тохирсон бие барихгүй хөдөлгөөнд саадгүй хөлс даавуун материалтай хувцас өмсөх
- Зөөлөн ултай өсгий нь тохирсон гутал өмсөх
- Өөрийнхөө биеийн байдал, бодит бололцоо хязгаарт тохируулж хийх
- Өөрийн бие махбодын онцлогт тохирсон дасгалыг сонгох
- Эмчид тодорхой мөчлөгтэйгээр эрүүл мэндээ хянуулж байх


Эх сурвалж: ДАСГАЛААР ЭРҮҮЛЖИХҮЙ, ЧИЙРЭГЖИХҮЙ, ММСС-ЭМТХ, Улаанбаатар, 2013 он

Sunday, January 12, 2014

Oсол, гэмтлээс урьдчилан сэргийлцгээе!




Хальтиргаа, гулгаа, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье!

            Монгол улсад хүн амын нас баралт, өвчлөх шалтгааны нэг болох осол гэмтлийн тохиолдол 2002 онд 10000 хүн тутамд 274.6 байсан бол 2012 онд 502.8 болж өссөн байна.  

            Хүйтний улирал эхэлж хальтиргаа ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Эрүүл аюулгүй-хальтиргаагүй Улаанбаатар хот” аяны хүрээнд Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний компаниудын дунд “Хальтиргаагүй, зам – шуурхай удирдлага”, Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хальтиргаагүй, аюулгүй орчин”, Их дээд сургуулийн оюутнуудын дунд “Шингэн хог хаягдлын зохистой менежмент” сэдэвт болзоот уралдаануудыг тус тус зарлалаа.

            Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа эрс нэмэгдсэн. Үүний улмаас ГССҮТ-д 12 сарын 01 нээс өнөөдрийг хүртэл 925 бэртэж, гэмтсэн хүн бүртгэгдсэн байна. Хальтирч унаж бэртсэнээс болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг.  Иймээс иргэд та бүхэн гадуур явахдаа болгоомжтой байж болзошгүй аюулаас өөрсдийгөө сэргийлнэ үү. 

Зам тээвэр:
        Бага хэмжээгээр хэрэглэсэн байсан ч архи, согтууруулах ундаа хүний тархи, мэдрэлийн системд шууд нөлөөлж сэтгэн бодох чадвар, хурдан шийдвэр гарга ад муугаар нөлөөлдөг тул зам тээврийн осол гарах хамгийн том эрсдэл болдог. Иймд жолоо барьсан үедээ та архи, согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй.

Яагаад хурдтай явах үед осол гэмтэл гарах эрсдэл өндөр байдаг вэ?

·         “ХУРДТАЙ ЯВАХ ҮЕД ТАНД ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙХ БОЛОМЖ ХОМС БОЛДОГ” Хурдтай явах тусам жолоочийн харах талбай хязгаарлагдмал болдог.
·         Хамгаалах бүс хэрэглэх нь ослын үед амь насаа алдах, хүнд бэртэх, гадагш шидэгдэх эрсдлийг 60 хувь бууруулна.


Friday, January 10, 2014

Хөхний хавдрыг эрт илрүүлэх аргуудын 
нэг бол сар бүр хөхөө өөрөө шалгах



Хөхний хавдрын үед илрэх шинжүүд
  •  Хөх орчим өвдөх
  • Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
  • Хөхний арьс зузаарч өөрчлөгдөх
  • Хөхний толгой татагдах
  • Хөхний сүвнээс цусархаг шүүрэл гарах
  • Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх

Хөхний хавдар гэж юу вэ? 

Хөхний хавдар нь хөхний эсүүдийн замараагүй ургалтаас үүсдэг. Эмэгтэй хүний хөх сарын тэмдгийн мөчлөг болон настай холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Залуу эмэгтэйн хөхөнд бурчирхайлаг эд, сувганцрууд голлодог бол ахимаг насны эмэгтэйн хөхөнд өөхөн эд голдуу байдаг. Хөхний эдэд тунгалгийн судас, тунгалгийн бурчирхайнууд орох бөгөөд үүнийг тунгалгийн тогтолцоо гэнэ. Тунгалгын тогтолцоо нь нянгийн халдвартай тэмцэж байдаг бие махбодийг хамгаалах дархлааны тогтолцоо юм. Хөхний ойролцоох тунгалгийн бурчирхайнууд нь суга, эгэм орчим, цээжин дээр, өвчүүний ард бүлэг болон байдаг. Хөхний хавдар сувганцруудаас гаралтай бол сувганцрын хавдар, хөхний дэлбэнцрүүдээс гаралтай бол дэлбэнцрийн хавдар гэнэ. Сувганцрын хавдар бол хамгийн элбэг тохиолддог хөхний хавдрын хэлбэр юм.
Умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх аргууд 

Хорт хавдар болохоос өмнөх үе шатыг урьдал үе шат гэдэг. Өөрчлөгдөж буй эсүүдийг хавдрын урьдал болон хавдрын үед илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний хорт хавдрын урьдал үеийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө сэргийлэх болно.

Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж, микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг бөгөөд энэ нь ямар нэгэн өвдөлтгүй бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг. 

Хэн эсийн шинжилгээ өгч болох вэ? 


Бэлгийн харьцаанд орсон 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны эмэгтэйчүүд гурван жил тутам эсийн шинжилгээ өгөх шаардлагатай.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Иргэний үнэмлэх
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр эсийн шинжилгээг яаж авдаг.
               Эсийн шинжилгээг яаж авдаг вэ?


Эмнэлгийн нөхцөлд тусгай сургагдсан эмч, сувилагч нар авдаг
Шинжилгээ өгөхөөс өмнө эмч, сувилагч нарын бэлдсэн овог нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт тусгайлан асуултад хариулна
Эмнэлгийн ажилтнууд танд эсийн шинжилгээний талаар мэдээлэл өгч, ач холбогдлыг нь ойлгуулсны дараа таныг зөвшөөрсний үндсэн дээр шинжилгээг авна
Төрөлтийн тоо, сарын тэмдгийн тухай гэх мэт    тусгайлан асууж, тэмдэглэнэ
Үүний дараа таныг үзлэгийн орон дээр хэвтүүлж, үтрээнд  эмэгтэйчүүдийн ариутгасан толь тавина
Умайн хүзүүнээс хөвөн бамбар, эсвэл маш жижиг зөөлөн сойзоор наалдац авч, тавиур шилэн дээр түрхэнэ
Сувилагч наалдцыг бэхжүүлэх уусмалаар бэхжүүлнэ
Шаардлагатай гэж үзвэл бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд наалдац авна
Үтрээний толийг авч, эмч эмэгтэйчүүдийн тусгайлан үзлэгээр таны умайн хүзүү, умай, дайвруудыг тэмтэрч, энэ талаар танд мэдээлэл өгнө
Эсийн шинжилгээний хариуг хэзээ авч болох талаар эмч танд хэлнэ
Эсийн шинжилгээ өгөхийн өмнөх бэлтгэл 


Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.
Сарын тэмдэг ирээгүй үедээ шинжилгээ өгөх
Шинжилгээ өгөхөөс өмнөх хоёр хоногт үтрээний угаалга хийгээгүй байх
Хоёр хоногийн өмнөөс бэлгийн харьцаанд орохгүй байх
Үтрээний тампон хоёр хоногийн өмнөөс хэрэглээгүй байх
Үтрээний лаа, үтрээний тос, эм зэргийг хоёр хоногийн өмнөөс хэрэглээгүй байх

Эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарвал яах вэ?

Хамгийн түрүүнд эмчийн заасан хугацаанд ирж, шинжилгээнийхээ хариуг авах нь чухал
Хэрэв шинжилгээнд эсийн өөрчлөлт илэрсэн бол битгий сандраарай
Ямар өөрчлөлт илэрснийг чинь эмч тайлбарлаж өгөх болно
Онош тодруулах шинжилгээ, шаардлагатай эмчилгээ хийлгэхээр таныг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх болно
      Та дараагийн шатны эмнэлэг рүү явахдаа эсийн        шинжилгээний хариуг тэмдэглэсэн үйлчлүүлэгчийн карт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрээ авч яваарай