Wednesday, February 26, 2014

Хүйтний улирал болох 10-4 дүгээр саруудын агаарын чанарын төлөв байдал (2010-2013)

Улаанбаатар хотын агаарын чанарын үндсэн бохирдуулагч үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, том ширхэглэгт тоосонцрын агууламжийг2010-2013 оны хүйтний улирал болох 10-4  дүгээр саруудын  сар бүрийн дундаж үзүүлэлтийг гарган дараах зургуудаар харууллаа.


Зураг 1. Хүхэрлэг хийн ( SO2) сарын дундаж агууламж
(2010-2013 оны10-4 дүгээр сар)
            Хүхэрлэг хийн агууламж 2013 оны 10-4 дүгээр саруудын дундаж үзүүлэлт 2012 оны мөн үетэй харьцуулахад 2013 оны 1 дүгээр сард 15%, 2 дугаар сард 29%, 3 дугаар сард 34%, 4 дүгээр сард 25%, 10 дугаар сард 38%, 11 дүгээр сард 44%, 12 дугаар сард 32%-иар тус тус буурсан байна.


Зураг 2. Азотын давхар исэл (NO2) сарын дундаж агууламж (2010-2013 оны 10-4 дүгээр сар)
          Азотын давхар ислийн 2013 оны сарын дундаж агууламжийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1 дүгээр сард 31%, 2 дугаар сард 14%, 3 дугаар сард 62%, 4 дүгээр сард 103%-иар тус тус их байсан бол 10 дугаар сард 13%, 11 дүгээр сард 9%, 12 дугаар сард 12%-иар бага байна.


Зураг 3. Том ширхэглэгт тоосонцрын (PM10) сарын дундаж агууламж (2010-2013 оны 10-12, 1-4 дүгээр сараар)
            Том ширхэглэгт тоосонцрын 2013 оны сарын дундаж агууламжийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1 дүгээр сард 37%, 2 дугаар сард 40%, 3 дугаар сард 36%, 4 дүгээр сард 45%, 12 дугаар сард 15%-иар бага байсан бол 10 дугаар сард 22%, 11 дүгээр сард 3%-иар тус тус нэмэгдсэн байна.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

Хүхэрлэг хий нь хүний нүд, амьсгалын дээд замын салстыг цочроохоос гадна хүчтэй үйлчлэхдээ уушгийг гэмтээж амьсгалын замын хамгаалах тогтолцоог алдагдуулж хамар, чих, хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраат үрэвсэл, уушгины архаг өвчлөл үүснэ.Энэ өвчний үед ханиалгах, нүд хорсох, цээж хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Мөн хүний уургийн солилцоо болон дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг.
Азотын давхар исэл нь уушгины эд, амьсгалын замыг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах бөгөөд зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.Зүрх судасны өвчлөл үүсэхэд шууд нөлөөлнө.
Том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч  үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн төрөл бүрийн удамшлын эмгэг үүсгэхэд нөлөөлдөг. Хүний амьсгалын замын эрхтэнээр дамжин эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлдэг ба тоосонцор нь нарийн байх тутам амьсгалын замаар дамжин уушгинд очиж тэндээ үлддэг байна. Өвлийн улиралд агаарын бохирдол нь тоосны агууламжийн жилийн дундаж хэмжээг дээд цэгт нь хүртэл ихэсгэдэг.
 Агаарын бохирдлоос эрүүл мэндээ 
хамгаалах аргууд
Агаар, салхинд гарч байх
Хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс 7 хоногтоо нэг удаа 2 –оос дээш цагаар цэвэр агаартай орчинд байх хэрэгтэй. Ялангуяа 1-3 сартай хүүхдийг аль болох битүүмжлэл сайтай, өндөр тэргэнд салхилуулж байх шаардлагатай.  Мөн 5 хүртэлх насны хүүхдийг зам дагуу явах, зам хөндлөн гарах, замын түгжрэл ихтэй үед тэвэрч явахыг зөвлөж байна. Учир нь автомашины утаанаас ялгарах хорт хийнд агуулагдах хүнд металууд агаарт нэг метр орчим тогтонгишил үүсгэсэн байдаг. Аль болохоор ачаалал ихтэй замаас холуур явах хэрэгтэй.
Амны хаалт хэрэглэж хэвших
Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй.  Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна. Энгийн материалаар хийсэн амны хаалт нь агаар бохирдуулагч хийнүүдээс бүрэн хамгаалдаггүй учир нанотехнолгиор хийсэн амны хаалт хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх
Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэх хэрэгтэй.  
Гэр, орон байрны дотоод орчны агаарын чанарт анхаарах
Хүний хамгийн их цагаа гэртээ буюу орон байр дотор өнгөрөөдөг. Иймээс гэр орон байрны агаарын чанарт анхаарах хэрэгтэй.  Үүний тулд:
  1. Гэртээ гадуур өмсдөг гутал, хувцастайгаа  явахгүй байх
  2. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
  3. Агаарын бохирдол ихтэй үед гэр, орон байрны салхивчийг онгойлгохгүй байх
  4. Гэртээ тамхи татахгүй байх
  5. Түлшний хэрэглээ багасгдаг шаталт сайтай сайжруулсан зуух хэрэглэх
  6. Хорт утаа ялгаруулдаг хог, гялгар уут, дугуй, хуванцар зэргийг шатаахгүй байх
Агаар цэвэршүүлэх төхөөрөмж тавих
Манай улсад агаар цэвэршүүлдэг олон төрлийн аппарат, төхөөрөмж  орж ирсэн байгаа. Тухайлбал, озоны тусламжтайгаар агаарыг ариутгаж, халдваргүйжүүлэн, нянг устгах үйлчилгээтэй аппарат байна. Мөн хасах цэнэгтэй ион, хэт ягаан туяагаар агаар цэвэршүүлдэг төхөөрөмж байгаа юм. Эдгээрээс сонгон авч хэрэглэж болно. Ялангуяа, албан байгууллагад агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байх шаардлагатай.
Машинаар замын хөдөлгөөнд оролцох үед
Замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Дизель хөдөлгүүртэй автомашины утаа хамгийн их бохирдуулагчдыг агуулдаг. Мөн тээврийн хэрэгслийн агааржуулалтын системдээ шүүлтүүр тавих нь зүйтэй.
Хэрвээ гадаа дасгал хийдэг бол өглөө эрт хийж байх
Агаарт агуулагдах озоны хэмжээ өглөөд хамгийн бага байдаг ба дасгал хийж амьсгаадах үед озон уушигны гүнд нэвтэрдэг. Хөдөлгөөн ихтэй замууд, төв замтай ойрхон байх нь агаарын бохирдолтой холбоотойгоор эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлдэг., эргэн тойрон 400 метрийн дотор дасгал хийхгүй байхыг зөвлөж байна.
Агаарын бохирдлыг бууруулахад 
иргэдийн оролцоо

Иргэд, аж ахуйн нэгжид зориулсан агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах энгийн зөвлөмжүүд:
  1. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх (айл, өрх бүр мод тарих)
  2. Ард иргэд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцох
  3. Гэр, байшингаа дулааны улиралд сайн дулаалах,
  4. Утаа бага гаргадаг  технологийн зуух, түлш хэрэглэх
  5. Дотоод, гадаад орчны агаарын бохирдол, түүнийг бууруулах  арга замын талаар харилцан мэдээлэл солилцох
  6. Хог хаягдал, бохир усаа  ил задгай хаяхгүй  зэрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

НЭМҮТ, Эрүүл ахуй, хүний экологийн 
секторын ЭША,  Д.Ням-Осор 
Email: nyamosor@ncph.gov.mn

No comments:

Post a Comment